1989-1991 онд Австралийн холбооны парламент “Үндэсний парк, онгон байгалийг хамгаалах тухай” холбооны хуульд хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулж, Австралийн Хойд нутаг дэвсгэр (Northern Territory) дэх тусгай хамгаалалттай Какаду үндэсний паркийн газар нутгийн хилийн цэсийг өргөтгөжээ. Ингэхдээ “энэхүү нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор аливаа хувь хүн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг Холбооны засгийн газар нөхөн төлөхгүй байх” тухай заалтыг ч мөн хуулийн нэмэлтэд тусгасан байна. 1975 онд анх батлагдсан “Үндэсний парк, онгон байгалийг хамгаалах тухай” холбооны хуулийн дагуу тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахыг бүрэн хориглосон байсан тул тэрхүү шинээр өргөтгөгдсөн бүс нутагт “Newcrest Mining Limited” компанийн эзэмшиж байсан ашигт малтмал олборлолтын 25 тусгай зөвшөөрөл нөхөн төлбөргүйгээр хүчингүй болоход хүрчээ.